card

Зулзаган улстөрч нарт өгөх маркетингийн зургаан зөвлөгөө

           Сонгууль дөхөөд улстөрийн кампанит ажлууд ид эхлэх гэж буй энэ үед улстөрийн маркетингийн талаар залуу улстөрч нарт зориулаад юм бичмээр санагдлаа. Би энэ талаар нэг их айхтар туршлага байхгүй ч гэсэн ганц хоёр улстөрийн ажлын судалгаа хийж байсан, улс төрийн маркетингийн ном зохиол уншиж байснаа эвлүүлээд бичье. Улстөрийн луугаруудад гэхээсээ илүүтэй шинээр улс төрд орж байгаа хүмүүст зориулагдсан гэж ойлгоно биз. 

Зөвлөгөө 1: Гэрийн даалгавараа хий 
Дийлэнх улс төрд орж байгаа залуус гэнэт шийдээд л бөхийн дэвжээ, урлагын тайзнаас улстөрч болно оо гээд хүмүүсийн уур унтууг бараад байх шиг байна. Уг нь улстөрч болохоор шийдсэн бол ядаж л 2-3 жилийн өмнөөс төр, олон нийтийн ажил хийгээд үзчих хэрэгтэй юм. Ингэснээр сонгогч нар чинь чамайг 'төрийн хар хүн' болсноор төсөөлж болох юм. Жишээ нь О.Магнай олон жил поошиг нүдэж, агентлагын дарга хийж байж одоо л сонгогчдын нүдэнд улстөрч хүнээр төсөөлөгдөж чадаж байна. 

Зөвлөгөө 2: Хэт дүр эсгэх хэрэггүй
Улстөрд орохын тулд сонгогч нарт зориулсан дүрийг бүтээх хэрэгтэй болдог. Гэхдээ өөрийгөө өндөг шиг өөгүй, бурханлаг мэт харагдуулах дүр бүтээгээд өөрийнхөө мөн чанараасаа холдуулаад байгаа харагддаг юм. Хоолонд давс хэрэгтэй байдагтай адил бүтээж буй дүрд чинь жаахан сул тал буюу өөрийн чинь мөн чанар байхад гэмгүй. Жишээ нь П.Анужин хэтэрхий өөгүй харагдах гэж байгаад нилээн эвгүй байдалд орчих шиг боллоо. 

Зөвлөгөө 3: Тодорхой асуудал (дайсан) барьж ав.
Олон нийт, сонгогч нар шинэ улстөрчийг сонгохдоо өөртөө тулгамдаж буй тодорхой асуудлыг (дайсныг) шийдвэрлүүлэх л гэж сонгож байгаа. Тодорхой асуудал, түүнд саад болж буй дайсныг зөв тодорхойлох нь залуу улстөрчийн карьерт хамгийн чухал зүйл. Жишээ нь Ц.Элбэгдорж авилгал гэдэг асуудлыг хөндөж тавьсаар байгаад л Ерөнхийлөгч болсныг санаарай. Асуудал буюу дайсан нь сонгогч нарт хамгийн тулгамдаж буй зүйл байх ёстойг мэдээж анхаарна биз. Гэхдээ олон асуудлыг барьж авах нь сонгогч нарыг төөрөгдүүлэх аюултай. 

Зөвлөгөө 4: Бүх хүнд таалагдах албагүй 
Улстөрч болно гэдэг нь чи нийт сонгогчийнхоо тал хэсэгт хайрлагдаж тал хэсэгт нь үзэн ядагдах замыг сонгосон гэсэн үг. Тиймээс эмзэг дэлбээ царайлаад л шүүмжилсэн хүн болгонтой хэрүүл уруул хийгээд байх огт шаардлагагүй. Чи ямар ч зөв зүйл ярьсан бай тэрийг эсэргүүцэх хүн дандаа байна. Гэхдээ өөрийн тойргын сонгогч нарынхаа дийлэнх хэсэгт нь таалагддаг байх нь мэдээж их чухал :-)Жишээ нь Архангайн Батбаяр, Сэлэнгийн Баярцогт, Баянхонгорын Баттулга 
 

Зөвлөгөө 5: Хүчирхэг холбоотнуудыг бий болго 
Сонгогч нар дан ганц чиний имиж эсвэл мөрийн хөтөлбөрт тулгуурлан шийдвэр гаргадаггүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Дэвшиж буй намын фон, чамайг дэмжиж буй нөлөө бүхий хүмүүс зэрэг олон хүчин зүйлийг харгалзан шийдвэр гаргана гэсэн үг. Тиймээс "би" гэж биш бид гэж хэлж болохуйц бусад холбоотнууд чамд хэрэгтэй болно гэсэн үг. Тухайлбал Бат Үүл Нийслэлийн иргэдийн хурлын сонгуульд бусад нэр дэвшигч нартаа ямар их тус болсныг нь санаарай.
 

Зөвлөгөө 6: Кампанит ажлаа энгийн, ойлгомжтой байлга 
Хэрэгжүүлж буй улстөрийн кампанит ажил чинь энгийн ойлгомжтой байх хэрэгтэй. Учир нь сонгогч бүр дээд боловсролтой, эдийн засаг улс төрийн мэдлэгтэй биш. Жишээ нь Обама АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ердөө л "Change" буюу Өөрчлөлт гэсэн ганцхан мессежтэйгээр оролцсоныг санаарай. 

Эцэст нь хэлэхэд улс төр хэдий бохир ч хэн нэгэн Монгол нь энэ ажлыг хийх хэрэгтэй л болно. Тиймээс бүгдэд нь амжилт хүсье !!!

Нийтлэлийг бичсэн:

Б.Нандин-Эрдэнэ  /Маркетер, Аксиом Инк ХХК-ийн захирал, СЭЗИС багш/

2016.05.30

default