card

Ковидономиксийн зааж буй зургаан бизнес сургамж

                  Шинэ оны босгон дээр танил захирлуудын олонх нь ирэх оны бизнес төлөвлөгөөгөө батлуулчихсан удахгүй ‘алаад өгнө’ гэсэн өөдрөг эрмэлзэлтэй халуун оронд явж байсан. Гэнэт л хөл хорио тогтоогоод эхлэхэд зарим нь ч сүртэй хүлээж авахгүй  удахгүй хэвийн болно гэсэн хүлээлттэй байсан бол зарим нь тодорхой нөлөө үзүүлсэн ч 2003 оны САРС-ын дайтай л нөлөөлнө гэсэн бодолтой байсан биз. Гэхдээ энэ удаагийн Ковид-19 цар тахал нь бизнесүүдийн өмнө туулж байсан бүх хямралуудаас огт өөр, нийлүүлэлт болон эрэлтийн сөрөг шок хавсарсан буюу эрэлтийг өдөөсөн ч бизнес хэвийн явагдахгүй байх эрсдэлтэй хямрал. Иймээс энэ хямралыг үеэрх  сургамжууд нь ирээдүйн бизнесийг тодорхойлох үзүүлэлтүүд ч болж магадгүй юм . Хэдийгээр Ковид -19-өөс үүдэлтэй  эдийн засгийн хямрал (Д.Ган-Очирын томьёолсноор Ковид+(эк)ономикс )дөнгөж эхэлж байгаа ч маркетер хүний хувиар дараах 6 сургамжийг захирлууд, бизнес эрхлэгчид анхаарах хэрэгтэй гэж бодлоо.

Сургамж 1: Форс мажор гэж жинхэнээсээ байдаг юм байна.

Та бизнесийн гэрээ болгонд Форс мажор буюу давагдашгүй хүчин зүйл гэсэн заалт харж байсан биз. Миний хувьд өмнө нь тэр заалтыг төдийлөн ойшоодоггүй бараг л хэрэггүй эсвэл их л хол сонсогддог заалт шиг ойлгодог байсан. Харин Ковид-19 ээс хойш ямартай ч бизнесийн хэлцэл бүрд энэ заалт байх нь ямар чухал болох зөвхөн кинон дээрээс л хардаг байсан пандеми жинхэнэ амьдрал дээр өрнөж болохыг ойлгож байна.

Сургамж 2: Эрсдэлийн сан эрсдэлийн сан бас дахин эрсдэлийн сан.   

Инфляц, эдийн засгийн тогтворгүй байдал, бизнес нь хөлөө олоогүй зэргээс шалтгаалаад манай бизнесүүдэд эрсдэлийн сан бараг байдаггүй эсвэл үүсгэдэггүй. Тэгсэн хэр нь өндөр үнэтэй шинэ жилийн үдэшлэг хийх эсвэл захиралд Ланд авах мөнгө олдоод байдаг сонин парадокс бий. За ямартай ч Ковид-19 бидэнд бизнес бүр эрсдэлийн сантай болох ёстойг  ядаж л 6 сар огт эрэлтгүй болоход тэсэх хэрэгтэйг заах шиг боллоо.

Сургамж 3: Сценари төлөвлөгөө хэрэгтэй юм байна?  

Ирэх хэдэн сард юу болох вэ? Ямар таамаглал байна вэ? Яг үнэндээ сайн хэлж мэдэхгүй учраас сценари төлөвлөлтийг л хийсэн нь дээр болов уу. Янз бүрийн  өөдрөг, гутранги, бодит ирээдүйн сценариудыг (төсөөллийг) бодит дата болон бага зэргийн төсөөлөл дээрээ үндэслэж хийгээд тэр бүртээ яаж ажиллах арга зам, стратегиа тодорхойлсон төлөвлөгөө хийж сурсан байхыг шаардаж байна.   

Сургамж 4: Дижитал шилжилт зайлшгүй зүйл.

Дижитал шилжилт гэдэг ойлголт  их орчин үеийн секси сонсогддог  ч хэн ч дижитал шилжилтийг зориглон хийдэггүй, хийнэ гэж тунхаглахаас цаашгүй шахуу байсан. Харин Ковид энэ үйл явцыг хоёрхон сарын дотор хурдлуулж, хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Өмнө нь биечилж уулзахгүй бол болохгүй байдаг бизнес уулзалтууд онлайнаар хийгдэж, жижигхэн  Монголд одоохондоо хэрэггүй гэж байсан технологийн бүтээгдэхүүнүүд (онлайн худалдаа, сургалт г.м) жинхэнэ галзуу бизнесүүд болж хувирч байна. За ямартай ч дижитал шилжилт хий эсвэл тэндээ үлд гэсэн зарчим ирээдүйн бизнест ноёлох нь гарцаагүй гэж бодож байна.

Сургамж 5: Виртуал байгууллагын соёл бүтээх

Хүмүүсээ өглөө хуруугаар нь бүртгэж нүдэн доороо хянаж харилцдаг байсан ажлын хэв маяг өөрчлөгдөж гэрээсээ ажилладаг, виртуалаар харилцдаг болж эхэлсэн. Гэхдээ энэ ажлын хэв маягтай удирдлагууд дасан зохицох цаашлаад виртуал орчинд байгууллагын соёлоо бүтээх, багийн уур амьсгалыг  бий болгох, манлайлах  ажил нь үлдэж байх шиг байна. За ямартай ч манлайлал гэдэг зүйл бүр виртуал орчинд ч хийгдэх ёстойг мэдэж эхэлж байх шиг.

Сургамж 6: Нийлүүлэлтийн хэлхээг дахин харах

Глобалчлалын нөлөөгөөгөөр аутсорсинг хийдэг, тодорхой түүхий эд, материалыг гаднын улс орноос авдаг нийлүүлэлтийн хэлхээг хамгийн зөв гэж үздэг хандлага байсан. Харин Ковид ийм төрлийн нийлүүлэлтийн хэлхээндээ өөрчлөлт оруулах бусдаас бага хамааралтай нийлүүлэлтийн хэлхээг бий болгох сэдэл төрүүлж эхлэх шиг байна. Энэ нь бизнес эрхлэгчид дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын зах зээл рүүгээ илүү анхаарал хандуулах хандлагыг бий болгох болов уу.  

 

2020.03.27

Б.Нандин-Эрдэнэ

Маркетер, Аксиом Инк ХХК-ийн үүсгэн байгуулагч

 

            

 

default