Зөв хариулт: Бүх мэргэжлийн хүмүүст. Бүх хүн бүтээлч байдлын ур чадвартай болох хэрэгтэй. Таны хувьд зөв хариулт тодорхой байсан байх. Өнөөдөр хариулахад амархан мэт санагдаж байгаа энэ асуулт хэдэн жилийн өмнө тийм байгаагүй юм. Бүтээлч байх зайлшгүй хэрэгцээ, шаардлага тодорхой хэдэн салбарт ажилладаг хүмүүст л хамаатай асуудал мэт ойлгогдож ирсэн бол одоо бүтээлч байдал яригдахгүй салбар гэж үгүй боллоо. Инновац гэдэг зүйл өнөөгийн нийгмийн чухал үйл явц юм (Paulus & Nijstad, 2003). Харин инновацыг бий болгох үндэс суурь нь бүтээлч байдал. Тиймээс бүтээлч байдлын хамгийн энгийн томьёолол бол тасралтгүй шинэ санааг үйлдвэрлэх гэсэн утгаар бууна гэж олон судлаачид үздэг. Шинэ санааг хүсэхгүй хүн ер нь байдаггүй. Гэвч яг өөрийн хариуцлага болоод ирэхээр аль болох зайлсхийдэг тал бий. Тэгээд хариуцлагаас мултрахын тулд миний ажилладаг салбарт төдийлөн шаардлагагүй гэж хацайлна. Тухайлбал, Аксиомын сургалтанд сууж байсан удирдах ажилтнуудын дунд “Би санхүүгийн салбарт ажилладаг тул хязгаарлалт ихтэй, дандаа дүрэм, журам зохицуулалтын хүрээнд ажилладаг, бүтээлч байх боломж байхгүй” гэж хэлж байсан хүмүүс бий.
Шинэ санаа гэдэг үг бидний өдөр тутмын амьдралд ойр энгийн зүйл байтал заримдаа хүмүүс энэ үгийг хэтрүүлэн хүлээн авч, хэн ч, хэзээ ч бодож олоогүй шинэ санааг олох, хүн төрөлхтөний түүхэнд нээлт хийх гэж байгаа мэт, Эйнштейн, Томас Эдисон, Стив Жобс нарыг бодон зүрх алдах нь бий. Тэгээд л бүтээлч байх ур чадвартай байя гэж бодохоо больчихно. Угтаа, бүтээлч байдалд суралцахын давуу талуудын хамгийн чухал нь асуудлыг шийдвэрлэх (Mumford et al. 1991, Runco 1994, Torrance 1971, Wallas 1926) чадвар юм.
Танд нэг асуулт тавья. Асуудал шийдвэрлэх шаардлагагүй салбар гэж байх уу? Бүх салбарын, бүх түвшний удирдлагууд, бүх хэлтэс нэгжийн ажилтнуудын хийж байгаа ажлын үр дүн угтаа тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаална шүү дээ. Бүтээлч байдлыг нэмэгдүүлснээр хувь хүний асуудал шийдвэрлэх үйл явцад сайнаар нөлөөлнө гэсэн ойлголтоор ямар ч салбарын хүмүүс бүтээлч байх шаардлагатай гэх хариултыг зөв гэж баталж болох юм. Түүнчлэн, бид бүхний мэдэж байгаачлан, техник технологийн хөгжлийг дагаад хүн бүр зөвхөн нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд л гэхэд бүтээлч байдлын ур чадвараа сайжруулах шаардлагатай цаг үе нэгэнт ирсэн (Runco, 2004). Технологи илүү боломж өгч буйг бид мэднэ. Техник, технологийн хүчээр бидний өдөр тутмын амьдрал илүү амар хялбар болж байгаа ч энэ нь цаанаа илүү төвөгтэй, нарийн цогц байдлыг үүсгэн, биднийг өмнөхөөсөө хэд дахин илүү бүтээмжтэй байж, ахиц дэвшил, гарц гаргахыг шаардах болжээ. Бүтээлч байдал бол хувь хүний төдийгүй улс нийгмийн анхаарал хандуулах асуудал болсоор багагүй хугацаа өнгөрч, энэ талын нарийвчилсан судалгаанууд сүүлийн 20 жилийн турш тасралтгүй хийгдсээр байна (Simonton 1991).
Цолмонбаатарын Булган (Аксиом Инк компанийн сургагч багш)
Эх сурвалж:
- Mumford MD, Mobley MI, Uhlman CE, ReiterPalmon R, Doares LM. 1991. Process analytic models of creative capacities. Creat. Res. J. 4:91–122
- Paulus PP, Nijstad BA, eds. 2003. Group Creativity. New York: Oxford Univ. Press. In press
- Runco MA. 1994. Creativity and its discontents. See Shaw & Runco 1994, pp. 102–23
- Runco MA, ed. 2003a. Creativity Research Handbook, Vol. 2. Cresskill, NJ: Hampton Press. In press
- Simonton DK. 1991. Political pathology and societal creativity. Creat. Res. J. 3:85–99
- Torrance EP. 1971. Are the Torrance tests of creative thinking biased against or in favor of “disadvantaged” groups? Gifted Child Q. 15:75–80
- Wallas G. 1926. The Art of Thought. New York: Harcourt Brace Jovanovich