Менежмент дэх “Калейдоскоп”

Манай Аксиом Инк ХХК-ийн зүгээс энэхүү цахим хуудсаараа дамжуулан долоо хоног бүр шинжлэх ухаан, судалгаа, сургалттай холбоотой сонирхолтой мэдээллүүдийг нийтэлж байх болно. Та бүхэн шинжлэх ухааныг бизнестэй холбоход хамт байгаарай.

Менежмент дэх “Калейдоскоп”

Бидний хүүхэд насны нэгэн хэсэг болох калейдоскоп дуран нь дотроо толь болон олон өнгийн шилнүүдийг агуулсан, дотогш нь шагайж бариулыг нь эргүүлэхэд толины тусгал өөр өөр хэлбэрт ордог дуран хэлбэрийн тоглоом юм. Уг тоглоомыг Шотландын физикч Сэр Дэвид Брюстэр гэрлийн хугарлын туршилт хийх үедээ санамсаргүй байдлаар нээсэн байна.

Тэгвэл менежментийн ойлголтод калейдоскоп нь тасралтгүй хувьсан өөрчлөгдөх хүрээлэн буй орчныг илтгэдэг аж. Дэлгэрүүлэн тайлбарлавал байгууллага болон бизнесийн орчин, нөхцөл байдал байнга өөрчлөгддөг ба, үргэлж шинэ сорилт, боломжуудыг бий болгодог. Менежментэд "калейдоскоп" нь дасан зохицох чадвар, уян хатан байдал, манлайллын олон төрлийн хандлагыг илтгэдэг төдийгүй менежерүүд аливаа шинэ асуудал болон боломжийг өөр өнцгөөс харахын тулд яг л калейдоскоп тоглоомыг эргүүлэхтэй адил бизнесийн ертөнцийн нарийн төвөгтэй, тодорхойгүй байдлыг үр дүнтэй удирдаж, хариу үйлдэл үзүүлэх чадвартай байх ёстой гэсэн үг юм.

Нэмж дурдахад менежмент дэх "калейдоскоп" гэсэн нэр томёо нь олон талт ялгаатай байдал, хүмүүсийн оролцоотой байдлыг илэрхийлдэг ба инновац, бүтээлч байдал, асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд байгууллага, бизнесийн орчин доторх өөр өөр үзэл бодол, санааг нэгтгэх нь чухал болохыг илтгэдэг байна.